ongotsond-huuhedteigee-zorchih

Онгоцонд хүүхэдтэйгээ хамт зорчих гэж байна уу, наашаа суу

Онгоцонд хүүхэдтэй зорчихдоо юуг анхаарах ёстой талаар мэдээллийг хүргэж байна. Хэрэв таны хүүхэд 0-6 сартай, 10 кг хүртэлх жинтэй бол нислэгийн явцад тусгайлан ОР ЗАСУУЛАХ боломжтой. Энэ ор нь агаарын хөлгийн урд эгнээний суудлын өөдөөс харсан хананд суурилуулсан байх бөгөөд цөөн тоотой. Өөрөөр хэлбэл нэг нислэгээр тээвэрлэх нярайн тоо хязгаартай тул нялх хүүхэдтэй аялах бол суудал захиалгыг урьдчилан өгөх шаардлагатай.

Тиймээс тийз захиалахдаа энэ талаараа хэлж, нисэх буудалд бүртгэлийн явцад захиалах хэрэгтэй. Ингэснээр таны хүүхдийг тухтай байлгаж, хэвтүүлэх ор засаж өгөх юм.

Харин үүнээс дээш жинтэй бол урд суудлаас татгалзах нь зүйтэй. Учир нь урд суудал дундах тохиовч өргөгддөггүй. Хүн багатай үед тохиовч өргөгддөг суудалд сууснаар хүүхдээ хэвтүүлэх боломж олддог.

Энгийн тийз захиалсан тохиолдолд гурван суудалд нэг л хүүхэд байхыг зөвшөөрдөг байна. Учир нь шаардлагатай үед хүчилтөрөгчийн нэг эгнээнд нэг ширхэг л гардаг. Тиймээс гэр бүлээрээ хоёроос дээш хүүхэдтэй зорчих тохиолдолд өөр өөр суудалд суух болно.

Мөн нислэгийн явцад нялх хүүхдийн ЧИХИЙГ НЬ БӨГЛӨХ, онгоц хөөрөх болон газардах үед ХӨХҮҮЛЭХ, хөхөөр хооллодоггүй бол угж ашиглах хэрэгтэй. Энэ нь хүүхдийн чих өвдөхөөс сэргийлдэг байна.

Харин 2-оос дээш насны хүүхдийн хувьд шүлсийг нь залгиулж, чихэр, бохь зэрэг зажлах үйл ажиллагаа ордог зүйлсийг идүүлэх хэрэгтэй.

Эцэг эхчүүд нислэгийн явцад халуун цай хоолоор үйлчилж байхад анхаарал болгоомжтой байхыг онцгойлон сануулж байна. Учир нь хүүхэд халуун зүйл татаж, гэмтэх аюултай. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ толгойг цонх руу харуулж тэвэрч байх хэрэгтэй. Ихэвчлэн эцэг эхчүүд цонхны эсрэг тал руу хүн явдаг хэсэг рүү харуулан тэвэрсэн байх нь олонтаа бөгөөд энэ нь хүүхдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй болохыг анхааруулж байна.

Таваас доош насны хүүхэд заавал эцэг эх буюу насанд хүрсэн асран хамгаалагчийн хамт аялах ёстой. Хүүхэд ээж аавтайгаа бус эмээ, өвөө, төрсөн ах эгчийн хамт явах бол дараах дөрвөн материалыг заавал бүрдүүлнэ.

Үүнд:

Эцэг эх/ асран хамгаалагчийн итгэмжлэх
Эцэг эх/ асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар
Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар.

Эх сурвалж: МИАТ ХК

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих