Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Көп Су Көл буюу “Их Устай Нуур” гэсэн үг болой. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ. Хөвсгөл гэдэг үгийн язгуур нь монголоор хөв /ой хөвч гэдэг үгийн хөвтэй гарал нэг/ олон их гэсэн утгатай, түрэг гаралтай хэлнүүдийн көп /олон их гэсэн утгатай/ су гэдэг нь Монголоор ус /эртний монгол хэлний усу гэдэг үг нь одоогийн монгол хэлээр төгсгөлийн у эгшиг нь гээгдсэн байхад, түрэг гаралтай хэлнүүдэд эхний у эгшиг нь гээгдсэн байна./ гөл гэдэг нь нуур гэсэн утгатай түрэг гаралтай хэлнүүдийн “көл” гэсэн үг /гэхдээ монгол хэлэнд байдаг “хөлгүй нуур, хөлгүй ус, зэрэг үг хэллэгт байдаг “хөл” гэсэн үгтэй гарал нэг байж ч болох юм/ Ингээд Хөв/көп-их, су-ус көл-нуур буюу их уст нуур гэсэн үг болно.
Эрт цагт Урандөш уул хаа холоос сүндэрлэсэн шовх сүрлэг оройтой мөнх цаст уул байжээ.Тэр үед Хөвсгөл далай гэж байсангүй түүний оронд зах хязгааргүй элсэн говь үргэлжилдэг байж.
~ХӨВСГӨЛ ДАЛАЙН ДОМОГ~
Тэр говьд таргийн таван ямаа, таглаатай худаг хоёроос өөр юмгүй нэгэн эмгэн амьдардаг байсан юмсанж. Эмгэн нэг өдөр таван хар ямаагаа услаад худгаа таглахаа мартчихжээ. Гэтэл худгийн ус саваа халин цэнхэртэж улам улам нэмэгдэхэд ядуу эмгэн яаран буцаж, ямаагаа уул тийш хөөн арай чамай амь гарч өндөрлөг газар гарваас худгийн ус оргиж улам ихэссээр хавийн уул хөндийг дүүргэн цалгиж байлаа.
Эмгэн гэртээ ирээд үнэн учрыг өгүүлсэнд өвгөн нь дархныхаа багаж, хасуур хусуураа нийлэн хажуугийн Урандөш уулын оройг тайран авч тэртээ доорх оргилон буй худгийн амыг чиглүүлэн шидсэнд яг онолдон ойчжээ.
Урандөш уул ийнхүү хавтгай оройтой болсон учиртай. Гэвч худгийн ус таглааны завсраар шүүрэн өмнөх ус улам нэмэгдсэнд эмгэн шинээр буй болсон далайн усыг хажуу тийш сэтлэн урсгажээ. Тэр цагаас энд ус ургамал, уул мод нь тэгш үзэсгэлэнт нутаг бий болж шинэ тогтсон далайг Хөвсгөл, худгийн амыг тагласан Урандөш уулын оройг Модон хүй, эмгэний сэтлэн урсгасан голыг Эг хэмээн нэрийджээ.