Бидний дунд байдаг түгээмэл ойлголтоор бол зөвхөн эмэгтэйчүүд цэвэршдэг. Гэтэл эрэгтэй хүн бас цэвэршдэг . Эрэгтэйчүүдийн цэвэршилт гэж юу болох, бие организмд ямар өөрчлөлт гардаг, хэзээнээс цэвэршдэг талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ бол зөвхөн эрчүүдийн асуудал биш эхнэрүүдийн ч гэсэн асуудал учир эмэгтэйчүүд анхааралтай уншихыг зөвлөж байна.
Эрчүүдийн цэвэршилт гэж юу вэ?
Эрчүүдийн цэвэршилт гэдэг нь үндсэндээ эр хүнээс ялгардаг даавар нас ахих тусам буурдагтай холбоотойгоор эхэлдэг. Дааврын тусламжтай эр хүн бадриун, хүч чадалтай биетэй байхын сацуу насанд хүрсэн хүний бэлгийн хэвийн үйл ажиллагааг зохицуулдаг, бодисын солилцоонд нөлөөлдөг. Энэхүү бэлгийн дааврын ялгаруулалт багасаад, хүний организмд даавар хэмээх энэ чухал зүйл багасахаар цэвэршилт үүсч эхэлдэг байна.
Биед ямар өөрчлөлт орох вэ? Бодисын солилцоо буурснаар:
- биеийн ерөнхий байдал суларч,
- артерийн даралт ихсэх,
- зүрх судасны системийн өвчлөл нэмэгдэх,
- цус харвалт,
- зүрхний шигдээс болох эрсдэл ихсэх,
- таргалах зэрэг өөрчлөлтүүд ордог.
Хамгийн гол нь эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор сэтгэл санааны хувьд маш том хямрал явагддаг байна. Тиймээс энэ үед эрүүл мэндээ сайтар хамгаалж, сэтгэл санаагаа тайван байлгах, аливаад өдрөг, идэвхтэй хандах зэргээр бие организм болон мэдрэл, оюунаа хамгаалж чадвал энэхүү жам ёсны үйл явцыг тайван, хэвийн даван туулж болно.
Хэзээ, хэр удаан үргэлжлэх вэ?
Анагаах ухааны судалгаа, ажиглалтаар бол 50-60 насанд эхэлдэг. Цэвэршилтийн үргэлжлэх хугацаа янз бvр. Зарим хүнд 3-5 жилд явагдаад дуусдаг бол заримд нь түүнээс ч олон жил явагддаг. Хугацаанаасаа эрт эхэлж, удаан үргэлжлэх нь эр хүнд их хэцүү тусдаг. Хожуу эхлүүлж, богино хугацаанд явагдаж дуусгах нь тухайн хүний эрүүл мэндээ хэр зэрэг арчилж байгаагаас ихээхэн шалтгаална.
Эхэлж буйн шинж тэмдэг
- Биеийн байдал суларч,
- оюуны чадвар доройтох,
- нойр хөнгөрөх,
- бэлгийн үйл ажиллагаа хямрах,
- ууц нуруугаар хөших зэрэг шинжүүд нийтлэг илэрдэг.
Гэхдээ ийм шинжүүд ажлын ачаалал, стресс, ядаргаа зэргээс шалтгаалаад түр зуурт ч илэрч болно. Харин урт хугацаанд үргэлжилбэл эрэгтэйчүүдийн эмчид хандаж, эмчийн хяналтанд орох хэрэгтэй. Харьцангуй эрт эхэлж буй мэт санагдвал андрологийн эмчид яаралтай хандахдаа битгий эргэлзээрэй.
Цэвэршилт эрт эхэлж буйгийн бусад дохионууд бол шөнө олон шээх, дур хүсэл буурах, ядрах, зүрх өвдөх, тамирдах, нүүр ам бадайрах зэрэг болно. Мөн хэрэв танд цэвэршилт эрт эхлэхэд нөлөөлдөг өвчлөлүүд болох түрүү булчирхайн үрэвсэл, төмсөг, дааврын үрэвсэл, элэг, бөөрний үрэвслүүд илэрч байгаа бол мөн эрэгтэйчүүдийн эмчид хандаарай. Эдгээрийг эмчүүлэхгvй бол цэвэршилтийг түргэсгэх нөлөө үзүүлдэг байна.