Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид төвийн зургаан дүүргийн 124 хороодод ажиллаж, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 359 цэгт түлшний нөөц, нийлүүлэлт, хангалтад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Баянгол, Хан-Уул дүүргийн борлуулалтын цэгүүдэд түлшний нийлүүлэлт, нөөц хүрэлцээ хэвийн, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд өдөрт 30-40 цэг түлшгүй, мөн 50-60 цэгт түлш өдөртөө дуусаж байгаа нь ажиглагджээ. Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлшгүй 10-15 цэг, түлш ирээд өдөртөө дуусдаг 15-20 цэг байгаа учраас цаашид түлшний хангалт, хүрэлцээг жигдрүүлэх шаардлагатай байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээлэв.
~Агаарын бохирдол 49.6 хувиар буурчээ~
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн болон хүнд хэлбэрээр хордсон гэх дуудлага найман өрх өгч, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан байна. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Гэр хорооллын айл өрхүүд нэг үеэ бодвол сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сураад байна. Одоо угаарын хийн хордлого гэхээсээ илүү сайжруулсан шахмал түлшний борлуулалт түгээлт, хэрэглээ болон түүхийн нүүрсний хяналт шалгалтад түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна” гэв.
Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй бөгөөд авто тээврийн товчоодод түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил илрээгүй талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил хэллээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халснаар агаар орчны чанарын үзүүлэлт сайжирсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр мэдээлэв. Тэрбээр “Урьд жилүүдэд агаарын бохирдлын хэмжээ, бохирдуулагчийн агууламжийн хэмжээ стандартаас их байна гэдэг мэдээллийг өгдөг байсан. Энэ жилийн хувьд агаарын бохирдол бус агаарын чанар хүний эрүүл мэндэд нөлөөлж буй байдлын талаар дүн шинжилгээ хийж мэдээллэж байгаа. Агаарын бохирдол өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 49.6 хувиар буурсан үзүүлэлт гарч байна” гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс