mahnii-hudaldaa

Нийслэлчүүдэд зориулсан “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа болно

Төв суурин газрын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 5-20-ны хооронд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг арга хэмжээний үеэр Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын дайвар бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй үнээр малчид өөрсдөө нийслэлийн иргэдэд худалдаалах юм.

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай гэсэн 11 аймаг оролцохоор мэдээгээ ирүүлээд байгаа юм. Махны өргөтгөсөн худалдаанд таван төрлийн мах, малын дайвар бүтээгдэхүүн худалдаална.

Хэдийгээр салбарын яамны зүгээс зах зээлийн үнийн тухайд оролцох боломжгүй ч орон нутгийн удирдлагуудаас авсан тоон мэдээгээр үхрийн мах 7500, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байхаар тооцоо гарч байна. Нийслэлийн иргэдийн хөдөө явж идэш бэлтгэх цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж малчдын гараас ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, аль болох бөөний үнээр өвлийн идшээ базаахад нь туслах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих