“Хайр хийх” харилцаан дээрээс чухамдаа хүүхэд бий болсон гэх үнэн ойлголтыг тэд авах ЭРХТЭЙ.
Эцэг эхчүүд заримдаа хүүхдийнхээ өмнө “азаартах” үе байдаг. Ялангуяа бэлгийн амьдралын талаар тас нуудаг манайхны хувьд энэ нь эвгүй явдал. Гэвч хүний орчлонгийн үргэлжлэл, хайрын нандин харилцааны тухай тэдэнд ойлгуулж, нээлттэй ярилцах нь хамгийн чухал юм.
Хүүхэддээ багаас нь ярилцаагүй атлаа гэнэтхэн нэг өдөр сексийн тухай ярьж эхэлбэл хүүхэд тань бодсон санаснаа хэлэх нь юу л бол. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Бэлгэ эрхтнээ оролдох балчир үе- Хүүхдийн бэлгийн бойжилт өсвөр наснаас нь эхэлдэг гэж олонх үздэг ч үнэндээ нярай цагаас нь эхлээд тасралтгүй явагддаг хэмээн мэргэжилтнүүд онцолж буй. Хүүхэд нярай үедээ бэлгэ эрхтнээ оролддог нь үүний илрэл бөгөөд хүний төрөлх зөн билэгтэй холбоотой үйлдэл.
Биеийн хөгжлөө сонирхож эхлэх нь хүний хөгжих үйл явцын салшгүй нэг хэсэг юм. Хүүхдэдээ багаас нь биеийнх нь эрхтний нэрийг чөлөөтэй хэлж өгч байх нь тустай аж. Ингэснээр хүүхдүүд биеийнхээ хөгжлөөс эмээхээ больж, хожим ч ичиж зовох нь харьцангуй бага байдаг хэмээн судлаачид онцолсон байна.
Хүүхэд хэрхэн бий болдгийг энгийн байдлаар тайлбарлах үе- Сургуулийн өмнөх насныхан буюу 3-5 настангууд. Тархины хөгжил нь хамгийн хурдацтай хөгжиж байдаг энэ үед тэд сексийн талаар хангалттай асууна. Хэрэв хүссэн хариултыг нь өгөхгүй бол өөрсдөө түүх зохиож, элдвээр сэтгэн буруу ойлголт төрүүлэх нь бий.
Дөрвөн настай хүү тань хүүхэд хаанаас бий болдгийг асуувал “Аавынх нь үр, ээжийнх нь өндөгтэй нийлээд ээжийнх нь гэдсэнд байдаг сав гэдэг зүйлд хүүхэд ургадаг” гэж хэлж болох жишээтэй. Ингэж тайлбарласаар байтал “Яагаад?” гэж асуусаар байвал асуух зүйлгүй болтол нь маш эвтэйхнээр хариултыг өгсөөр байх хэрэгтэй.
Ингэвэл хүүхдийнхээ бэлгийн боловсролд өөрсдөө “эзэн болж” чадна. Хүүхэд тань өөр нэг хүүхдийг сонирхож байвал бүү загнаарай. Гэхдээ бусдын биед хаа хамаагүй хүрч болохгүй, бусад ч өөрийнх нь биед хамаагүй хүрч болохгүй гэдгийг ойлгуулах ёстой.
Сексийн тухай мэдээлэл эрж эхэлдэг үе- Одоо цагт бэлгийн бойжилт эрт явагддаг болсныг хэн бүхэн мэднэ. 6-9 настангууд элдэв асуулт тавихгүй байвал та “хаалттай сэдэв” гэж хүүхдэдээ ойлгуулсантай холбоотой. Ийм насанд хүүхдэд сексийн тухай үнэн бодитоор товч тайлбарлахад хүүхэд ойлгодог, бас ичих мэдрэмж нь сайн хөгжөөгүй байда /өсвөр насныхантай харьцуулахад/ тул тэгтлээ ичдэггүй аж. Өсвөр нас нь эхлэхээс өмнө бие нь хэрхэн өөрчлөгдөх тухай тайлбарлах нь эрүүл өсөлтөд чухал нөлөөтэй.
Сексийн тухай мэддэг болчихсон гэж итгэдэг үе- Бэлгийн бойжилт нь эхэлж буй 10-13 насныханд асуусанд бүхэнд хариулах нь чухал. Учир нь тэд үеийнхээ хүүхдүүдтэй харилцахдаа хэрэглэж байгаа үгсийнхээ утгыг сайн ойлголгүй секстэй холбоотой үг хэллэг ашиглаж эхэлдэг.
Иймд бие, сэтгэл санаанд нь гарч буй өөрчлөлтүүд энгийн үзэгдэл, хүнд бүхэнд тохиолддог, бас хүн бүрийн хувьд харилцан адилгүй хурдтай явагддаг гэдгийг ойлгуулах нь чухал. Харц тулгарч, “хэцүү яриа”-г улам хүндрүүлэхгүйн тулд машинд ярилцаж болох юм. Хамтдаа кино үзэж байхад сексийн хэсэг гарвал дуугаа хураахын оронд тэр тухай ярилцах хэрэгтэй.
Бэлгийн харилцаанд орох шаардлагатай мэт тэдэнд санагдах үе– Бэлэн ч бай, бэлэн бус ч бай Сексийн тухай ярилцахад эвгүй байсан ч заавал ярилцах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд сануулж байна. Сэтгэлзүй, биемахбодийн хувьд хамгийн эмзэг 14-18 насныхан хувьд бие биедээ хайртай бол бэлгийн харилцаанд орох нь буруу үйлдэл биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн сэтгэл санааны тогтворгүй байдал нь гормоны өөрчлөлтөөс болж байгаа гэдгийг хэлснээр тэр байдлаасаа болж цочирдож, давхар шаналахаас нь сэргийлж чадна.
Нэгэнт хүүхдийнхээ бэлгийн амьдралтай холбоотой шийдвэрийг гаргаж, удирдах боломжгүй тул шийдвэр гаргахад нь туслах мэдээлэл өгч, хариуцлага хүлээж сургах нь чухал ажээ. Бэлгийн харьцаанд эрт орвол үүсэж болох хүндрэлүүдийг загнасан бус зөвлөсөн маягтайгаар, зөөлнөөр хэлж ойлгуулбаас хожим асуудал үүсэх эрсдэлээс сэргийлнэ.