Цэнджав

До.Цэнджав: Аргацааж биш амин голоор нь тултал нь бүтээсэн “ГОВИЙН ДОМОГ”

Зохиолч, сэтгүүлч, доктор, профессор Долгорын Цэнджав өгүүлжээ:

Говийн Домог шууд үзэх. Агуу бахархал, агуу эмгэнэл үргэлжилсээр ‘Говийн домог’ кино төгссөн хойноо ч бодол санаанаас хэсэгтээ гарсангүй. Ийм сүрлэг том, олон төвөгтэй хүнд хэсэгтэй, маш олон хүмүүс, морь мал тэмээ, эд агуурсыг оролцуулсан, нэгэн зуурын биш, цас мөстэй, өвс ногоотой дөрвөн улирлын өнгийг харуулсан, их говийн буурал домог мэт байгалийн сүр хүчийг харуулсан кино ер нь сүүлийн 3О-аад жил гарсан уу? гэж өөрөөсөө асуув.
Тэр болгоныг үзэх биш, гарсан ч байж болноо. Миний хувьд ямар ч байсан ‘Мандухай цэцэн хатан’ киноноос хойш ийм арал далайцтай, цар хүрээ нүсэр кино үзсэнгүй, тэр ч бүү хэл ‘Манай монголчууд ийм кино хийчихлээ гэж үү дээ’ гэж эдийн засаг мөчиг тачиг, энхэл донхолтой энэ гар хөлөө хуйхалсан мэт цаг үед эрхбиш эргэлзсэн нь үнээн. Найруулагч, зохиолч, жүжигчид, хөгжмийг хэлэх юм алга, бүгдээрээ урлагийн тэнгэрийн Афродитагийн мэлмий нээгдсэн гэлтэй. Тэр дотроос зураглаач, зураач, зургийн дарга гурвыг онцолсоор байна. Говийн байгаль догшин хэцүү. Шороон шуурга, гангийн нар, ядаж л нэг дор олон айл, мал ховор ч байх.

Ерөнхий найруулагч нь Ц.Даваажаргал боловч юм юманд нь хүртэж хуруу гараа дүрсэн нь тов тодорхой ‘Говийн домог’ киноны төслийг санаачлагч, ерөнхий продюсер Л.Балхжав ‘Содура’ кино хийснээс хойш улам бяр тэнхээ сууж, ухаан санаа тэлж, өөртөө итгэлтэй болж, өмнөх том том найруулагчдыг нэрлэхээ болиё гэхнээ, Балжинням найруулагчийн дайтай найруулагчийн гэгээн замналыг тавьжээ.
Энэ хүнийг зөвхөн хөгжмийн зохиолч гэдгээр нь ойлгож болохооргүй, олон талын үсэрхийлсэн авьяас билэгтэй, чадалтай найруулагч, чадварлаг зохион байгуулагч, дэлгэцийн урлагийн томоохон бодлоготон, сүрхий менежер байна гэдгийг нээлээ. Угаасаа морин хуурчийн мэргэжлийг эзэмшсэн болохоор ийм сэдэвт кино хийхийг өөрийн тангараг гэж бодсон байх, ерөөсөө хүн мэддэг, мэдэрдэг юмныхаа л жанжин гэж болно.

Гуурст хурдан хайртай хүлэг мориныхоо сүүл хялгасаар морин хан хуур хөгжмийг хийж бүтээсэн гэх ‘Хөхөө Намжилын’ домгоос үүдэл санааг тусган авсан бололтой, тэрхүү шүлэглэсэн домгийг Ардын жүжигчин Дагийранз абугай аль тэртээ 6О-аад оноос торгуудынхан туульс хайлах шиг уянгалуулан уншиж гайхалтай амилуулсан нь олны чихэнд хоногшиж, зүрхнээ хүрсэнийг энд дурдууштай. Өнгөрснийг мартвал л нүгэл, өвгөдийг шоолбол голомт хийснэ.

‘Морин хуурын’ домог гэхлээр үйл явдлыг хэрхэн яаж өрнүүлэх юм бол доо? мөн ч хомс сэдэв байна даа гэж бодсон, гэтэл уран бүтээлчийн агуу фантазийн шид буюу урнаар дэврүүлэн сэтгэж, ёстой л газраас ганц хуруу хөндийрч онгод юугаа шигшиж гаргасны хүчинд киноны үйл явдлын шугмыг, сонирхолтой содон драмыг үүсгэж амжсан байна. Киноны уран бүтээлчид, Инжиннашийн хэлснээр ‘чөмгөө дундруулж’ тал талаасаа санаа оноо нэмээ биз, элдвээр хачирлаа биз. Ингэх ч ёстой. Жалгын эмгэн ч гойд уран санаа хэлчихдэг юм шүү.

Говийн Домог шууд үзэх

Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Хорвоо гэдэг өргөн
Хотол гэдэг олон
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтана вэ? гэсэн билгүүн найрагч М.Цэдэндоржийн бахдалтай зөгнөж бичснээр энэхүү ‘Говийн домог’ кино уран бүтээлийн хувьд төдийгүй, Монголын маань үндэс угсааны бүх эгшиглэнгийн хаан морин хуурыг, түүний соёлыг дэлхийн чинээд цацлан түгээхэд гарамгай үнэт зүйл болно гэдэгт итгэлтэй байна.

Л.Балхжавын бүтээсэн киноны хөгжим тэр чигээрээ эгшиглэнтэй, уясуу хайлган, сүрлэг бадрангуй, гашуудал эмгэнэлт бүх өнгийг шингээснээрээ даяанд цойлон хүрэх шүншигийг шингээж чаджээ гэж бахдав. Ингэхээс ч өөр арга алга.

Гол санаа нь яруу эгшиглэнг шүтэж ирсэн хан хуурчдын удмууд улсынхаа хааны суудлыг эзлэн түмэн ардаа оюунаараа гийгүүлж байжээ. Гэтэл зэрлэгийн зэрлэг, харгисийн харгис Иглэр гэгч гарч ирээд, бүх хуурчдыг хядаж, хаана л морин хуур байна, бүгдийг цуглуулан шатаан сүйтгэж,морин хуурыг тас хорих зарлиг буулгаж байгаагаас зөрчлийн логикийг үнэхээр зөвөөр харж, үүсгэжээ. Ингэж л сэтгэхгүй бол юуных нь урлаг байхав, юуных нь уран зохиол байхав…чулуун хана мөргөнө.

Киног бүтээгчдийн том олз бол бидний удам угсаа нэгтэн Тувагийн алдарт жүжигчин Ондар Эдуардийг олж, урьж тоглуулсан нь бусад найруулагчдын чихэнд сэрүүлгийн хонх цохисон байхаа. Дүрээ олно гэдэг бол кино найруулагчдын хөдөлмөрийн амин сүнс нь мэдээж. Ямар дэлгэц дүүрэн, ямар сүрлэг, ямар гоё дүр вэ? Энэ хүний оронд манайхны өөр бусад жүжигчдийг сэтгэлдээ ‘оруулан тоглуулахад’ нэг л бууж өгөхгүй байлаа, уучлаарай үнэн гэвэл энэ. Гэхдээ манайхаар дүүрэн гайхалтай жүжигчид байгаа ч эрэл гэдэг нь юунаас ч чухал.

Дүр болгоныг ярьвал бишгүй их юм бий. Эгээрэл гүнжид тоглосон СУИС-ийн оюутан Б.Замлин гэх дуучин охин залуу насны гань зэрлэг гоо үзэсгэлэнгийн зэрэгцээ эрэлхэг бардам, хатуу эрмэг, огцом хурц авир, зөв хөдөлгөөнийг ерөөсөө ‘нүдний болоод сэтгэлийн тоглолтыг’ хийж чадах гойд авьяаслаг жүжигчин болохоо гялалзтал харуулав.
Хошин шогоороо нэрд гарсан Дэмидбаатар драмын чадварлаг жүжигчний авьяас нь гялалзаж киног аятайхнаар хөтөллөө. Бараг үг дуугараагүй боловч О.Амгаланбаатар морин хуурын ид шидээр гайхшруулж, хэзээ ч дүр болгондоо хаан эзэн болж чаддаг ардын жүжигчин П.Цэрэндагва болоод Содурагийн дүрийг амилуулсан Ц.Очгэрэл их хатны зэвүүн дүрийг шаглаж чаджээ гэж болно. Энэ хатныг бушуухан орчлонгоос далдраасай гэж дотроо залбирч суусан болохоор түүнийг аргагүй л хүчтэй дүрдээ шингэж орсон байж таарна.

‘UBS’ телевизийн гар нийлсэн чадалтай баг хамт олон их тайгын тэнгэр уулс, цавчим хадан хясаа, цаа бугын орны төрх, ер бусын зэрлэг байгалийн гоо үзэсгэлэнг харуулж чадсан бол басхүү түүнээсээ ‘нүүдэл хийж’ энэ удаа өмнийн их говийн улаан нар, торгон элсэн нуруу, мянга мянган жилийн өмнөхөөс нар салхинд сэтэрч дүрсээ олсон хэрмэн цав, их газрын нээлхий, заг бударганат хөндий, зэгс дэрс, говийн улаан хадан хясаа зэрэг Галбын байгалийн сүрлэг ‘анасамблийг’ авьяаслаг зураглаач дуран авайдаа үүрд мөнхөлжээ. Байгалийн хэл бол киноны бас нэг хэл мөн.

Говийн Домог шууд үзэх

Говийн Домог

Говийн Домог

Ерөөс ерөнхий зураглаач Д.Цэрэннадмид өчүүхэн жаахан хэсгээс авахуулаад хадан хавцал дахь алалдаан тулаан, зээр намнаж байгаа асар эрчтэй хэсэг, дүрийн нүд харцны өөрчлөлт, тэмээ адууны гишгэдэл за тэгээд тэнгэр хээлэнд нисэлдэх шувуу, хаа сайгүй иисэлдэх сумны зэв зэргийг юугий нь үлдээлгүй уран нүдээр харж үлдээжээ. ‘Зураглаачийн хэл’ мундаг байлаа.

Энэ киноны зохиолчийн дүрийн хэллэгийн найруулга, онч үг хэллэг, эх хэлний илэрхийллийн ур чадвар 6О-7О-аад оны киноны дүрийн амьд хэллэгийг сэргээж чадлаа. Манайхны зарим киноны хэл, хэллэг ‘кофений л хэллэгтээ’ байгаа шүү. Ер нь бага зэрэг өөрчлөлт орсон боловч ‘Содура’ киноны баг бүхэлдээ ажиллажээ.

Кино зохиолыг С.Сумьяа, О.Эрдэнэ нар бичснийг сайшаахаас өөр аргагүй. Ялангуяа монгол үзэгчдийн хувьд бол чихүнү чимэг болсон эх хэлний рашааны дуслыг чихний хонхорцогт суулгаж чадсан нь бахдууштай, харин хөх нүүдэлчний хэл найруулга, өвөрмөц хэллэгийг англиар хэзээ ч өнгө тунамалаараа буудаггүй нь гачлантай.

Деталиуд дор бүрнээ юм хэлж байна. Ээж нь болох Одончимэгийн бэлэглэдэг морины дүрсэн хүрлийг хуурын тэвх болгож, хар багаасаа хайхлан ижилдэн өссөн мориныхоо хялгасаар хуур хийж байгаа, охины мэргэн харваа, ялангуяа элсэн нурууг сүлбэн дайсны хүзүүг нэвт харваж байгаа, хаан хот, орд, нүхэн гарц, хатны толгойны орой руу (уг нь нугасыг нь шаах байсан. До.Ц) шаах мөнгөн тэвнэ зэрэг нь үргэлжийн олз, шинэ сэдэл, шинэ хэллэгийг кино урлагт бий болгов.

Хүн болгон өөрийн бодолтой, тэр бодлоороо шүүн тунгаан хэлцэх нь киног бүр ч амилуулах бизээ. Миний хувьд санагдсан сөрөг хэдэн зүйл ажиглагдав.

Нэгд: Киноны сүүлд бүх дүрээ амилуулан дахин босгон гаргаж ирсэн нь үзэгчдийг эргэлзээнд оруулахаар илүүц санагдлаа. Гадаадын зарим кинонд иймэрхүү юмс ажиглагддаг нь утгагүй зүйлээ.

Хоёрт: Үхэж дуусдаггүй хаан… Сумны зэв яг зүрхэнд нь гүн тусаж байхад үхсэнгүй, амилав. Ядаж цээжний хөндийд харвасан бол үнэмшилтэй байв. Араасаа хутгалуулж, элсэнд булагдах шахсан хаан (Эдуард) бас л дахин амилав. Дэлгэсэн хоёр гарын шууг нэвт нэвт харваж байхад юу ч болоогүй юм шиг дайсантайгаа ач тач барилцаж тулалдаж л байх юм. Энэ нь арай л хуудамгай санагдлаа, магадгүй ээ миний буруу мэдрэмж ч байж болно. Дор дорын бодлыг долоолгож чагтална гэдэг амаргүй. Өөр өө хэлэх юм алгаа.

‘Говийн домог’ кино магад ч үгүй монголын кино урлагт хувьсгал гаргаж, ар араасаа аргацааж хийсэн биш амин голоор нь тултал нь бүтээсэн олон кино цуварч дэлхийн кино наадмуудаас шагналын цувааг эхлүүлэх урмыг төрүүллээ.

Ташрамд тэмдэглэхэд, баримт уран сайхныг хослуулсан нүүдэлчний хөх жаяг ёс суурин амьдралын сэтгэлзүйн зөрчлийг хурц тод гаргасан Золбаяр найруулагчийн ‘Чингисийн хүүхдүүд’ кино өвөрмөц хэллэгтэй, магадгүй даяанд давхиа сайтай чанартай бүтээл болсон байна лээ. Анхаарал татсан, олноо үнэлэгдсэн кинонууд дуулдаад л байна, дуулдах ч биш цуурай татуулах ёстой.

До.Цэнджав 2О18.О4.16

Илүү мэдээлэл: The Legend of Gobi

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих