hairiin-hariltsaa

Ковид-19 цар тахлын үед “ХАЙРЫН ХАРИЛЦАА” тордох уу…

Хуваарь гарга

Гэр бүлийн гишүүн бүрт хувийн орон зай, цахимаар ажлаа хийх, найз нөхөд болон гэр бүлийхэнтэйгээ цахимаар харилцах, хоолны цаг, дасгал хийх зэрэг хэрэгцээ шаардлага байдаг бөгөөд энэ хэрэгцээг хангахын тулд цагийн хуваарь, гэр бүлийн шинэ дүрэм гаргах хэрэгтэй юм. Ханийгаа цахимаар ажлаа хийж, хуралдаж байх үед нь саад болохгүй байх мөн хоол хийх, дэлгүүр явах, хүүхдээ харах, хүүхдийнхээ хичээлийг хийлгэх зэрэг ажлуудаа хуваарилж, төлөвлө. Дахин дахин төлөвлө. Хэрэв зохион байгуулалт, дүрэм журам байхгүй бол хосууд муу зуршилд автах, бие биенээсээ хүлээх хүлээлтээс үүдэн уурлаж, бухимдах эрсдэлтэй. Харилцаанд хүлээлт нь тодорхой байх тусам харилцан ойлголцол илүү байдаг.

Хил хязгаар тогтоо

Гэр бүл болгон харилцан адилгүй жижиг том орон зайтай орчинд амьдарч байгаа. Нэг гэрт амьдарч байна гэдэг нь цаг үргэлж хамт байх ёстой гэсэн үг биш юм. Нэг нэгэндээ ажлаа хийх орон зайг нь гаргаж өгөх хэрэгтэй. Ажлын цагаар ажлаа хийчихээд ажлын цаг дуусахаар утсаа болон компьютероо унтраах, гэр бүлийн цаг болоход аль аль нь оролцдог байх хэрэгтэй.

Зөрчилдөөнд хэрхэн хандахаа төлөвлө, ярилц

Хосуудын хооронд үл ойлголцол, маргаан гарах нь зайлшгүй. Тиймээс маргаан, зөрчилдөөнд хэрхэн хандахаа урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Маргааны үед хэн хэнээсээ илүү гарч, ялалт байгуулах нь гол зорилго биш гэдгийг сана. Та хоёр нэг тал, та хоёрт тулгараад байгаа асуудлын эсрэг хоёулаа хамтдаа зогсох нь чухал. Хэрэв ямар нэгэн үл ойлголцол байгаа бол уурлаж бухимдаж, сэтгэлийн хөөрлөөр бие биентэйгээ ярилцалгүй тайвширч байгаад ярилцаарай. Бие биенийхээ хувь чанар уруу халдсан өнгө аясаар буруутгах нь ханийн тань өөрийн үнэлэмжид сөргөөр нөлөөлдөг тул хэлэх үгэндээ анхаараарай. Мөн бие биенийгээ маш сайн сонсож өгөх нь чухал юм.

Талархаж дадаарай

Өдөр бүр талархаж буй зүйлсээ жагсааж бичээрэй. Заримдаа бид амьдралынхаа сөрөг зүйлсийг хараад эерэг сайн зүйлсээ олж харж чаддаггүй. Саар зүйл байгаа ч түүнээсилүү сайн зүйлс байгаа гэдэгт итгээрэй. Талархах тусам хүний айдас түгшүүр багасдаг. Мөн өдөр бүр талархах нь таны тархинд талархах зуршлыг үүсгэж, амьдралаа эерэгээр харахад тань тусална.

Бусад хүмүүст цаг гарга

Сошиал медиаг ашиглан та уулзаж чадахгүй байгаа найз нөхөд, хамаатан садантайгаа холбогдоорой. Мөн сонирхлынхоо дагуу хүмүүстэй бүлэг болж, санаа бодлоо хуваалцах, суралцах цаг гаргаж болно. Энэ нь таны нийгмийн харилцааг зөвхөн ханиар тань хязгаарлахгүй бөгөөд та өөр бусад хүмүүстэй харилцаж, өөрийгөө илэрхийлснээр нийгмийн харилцааны хэрэгцээ тань хангагдах боломжтой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих