bolzoo

Болзоондоо хожимдож, түүнийг сонжьё…

                  Хайр дурлалыг болзоогүйгээр төсөөлөх аргагүй. Тэгэхээр хайр дурлалтай учирч явсан бүсгүй хүн болгон болзоонд явж байсан. Харин бүсгүй та болзооноосоо хэзээ ч хоцорч байгаагүй юу? Тэгвэл болзоонд бүсгүй хүн хоцорч ирэхийг ер нь байх ёстой зүйл  гэж үздэгийг мартаж болохгүй. 

Өөрөөр хэлбэл эрчүүд хоцорсон хугацаанд хүлээснээрээ тухайн бүсгүйг хэр их хүсэн хүлээж байгаагаа харуулдаг уламжлалтай. Ингээд болзооноосоо 5-10 минут хоцорч ирснээр та болзсон залуугийнхаа талаар олон зүйлийг мэдэх боломжтой юм.

1.Залуу чинь тэвчээр алдарсан янзтай хоёр тийш алхаж эхэлбэл

Ийм эрэгтэйчүүд огцом, түргэн, тэсрэлтийн гэмээр зантай. Улмаар бодолгүйгээр элдэв зүйл хийчхээд дараа нь харамсах нь цөөнгүй. Тэвчээр муутай, сэтгэл хөдлөл нь тогтворгүй. Эрэгтэйчүүдийг шууд л ганц дайралтаар байлдан дагуулах дуртай.

Энэ нь бүтэлгүйтвэл сэтгэлээр унаж, гутралд ордог, эсвэл өөр бүсгүйн эрэлд гарна. Мэхлэлт, дурлалын шинэ адал явдал эрэлхийлэх хүсэл нь ойр ойрхон илэрдэг хэдий ч амрагийн ажилдаа сайн, халамжит нөхөр, аав байж чаддаг.

2.Хүлээх зуураа цагаа дэмий үрэлгүй юм уншин сууж, эсвэл зогсож байдаг

Ийм хүнийг уурлуулах, барьц алдуулах тун хэцүү. Тэвчээртэй, тайван хүн. Хамгийн гол нь суусан газраасаа шороо атгаж босдог хүн болохоор амьдралын ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвар өндөртэй. Ийм төрлийн хүмүүс таагүй байдалд орж, гомдож уурлалаа ч гол төлөв гаднаа юу ч мэдэгдэлгүйгээр бүгдийг дотроо хураан дардаг.

Өөртөө итгэх итгэл, өгөх үнэлгээ нь өндөр болохоор ажил мэргэжил нь урагштай байдаг. Таалагдсан бүсгүйгээ урт удаан хугацаанд тойглож, араас нь гүйх замаар буулгаж авдаг. Түр зуурын харьцаа тогтоохдоо тааруу ч гэр бүлийн амьдралд итгэж болохоор хүн.

3.Нүдээ анин биеэ суллаад сандал дээр тухалчихсан сууж байдаг

Өөртэй нь холбоогүй, хамаагүй л бол юу ч байсан үл тоосон байр суурьнаас ханддаг хүмүүс гол төлөв ингэдэг. Олны аясыг дагах дургүй ч гэлээ өөрөө ч гэсэн ямар нэг үзэл бодол, санаа оноогүй явах нь давамгайлдаг. Эмэгтэй хүнтэй харьцахдаа идэвхгүй байр суурь баримталж, эмэгтэй хүнээр байлдан дагуулах сонирхолтой.

Гэр бүлийн амьдралд ямар ч санаачлагагүй төдийгүй уйтгар төрмөөр хөндий байдал гаргах нь цөөнгүй. Улмаар гэр оронтой холбоотой бүх хариуцлага, ажил энэ тэрийг эмэгтэйдээ үүрүүлдэг. Чөлөөт цагаа буйдан дээр тухлан зурагт ширтэж өнгөрүүлэх дуртай.

4.Ойрхон байгаа хүнтэй тав гурван үг сольж цаг нөхцөөж байдаг

Тэд хууль дүрмийг ягштал дагадаг бөгөөд нам, том компани, клуб, албан газар гэх мэтийн ямар нэгэн нэртэй, том зүйлийн нэг хэсэг нь байхыг юу юунаас илүү хүсдэг. Өдөр тутмын амьдралд ийм эрчүүд нь сэтгэл хангалуун байдаг бөгөөд ямар нэг зүйл өөрчлөхийг хүсдэггүй. Ийм эрчүүд нь үерхдэг бүсгүй, эхнэр энэ тэрдээ маш үнэнч бөгөөд, атганд нь өөрийгөө болон хэтэвчээ тушаачихдаг.

5.Дэргэдэх хүндээ заавар, зөвлөгөө өгөх, шүүмжлэх гэх мэтээр зохион байгуулагч, даргын ажил хийж зогсдог

Ийм хүн ямар ч үед нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж, санаачлалыг гартаа авахыг хичээдэг. Улмаар гэртээ ч тэр, ажил дээрээ ч хатуу дарга, том босс байдаг. Эмэгтэй хүнтэй харьцахдаа мөн л санаачлалыг гартаа авч, удирдаж залдаг бөгөөд барагтай л бол эмэгтэйнхээ хүсэл, саналыг сонсдоггүй. Гэр бүлийн амьдралд тэд эхнэр, хүүхдээ хатуу гараар барьдаг сонгодог төрлийн дарангуйлагч болдог. Гэхдээ үүнтэйгээ зэрэгцэн үнэнч нөхөр, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө уйгагүй зүтгэгч байдаг.

Эцэст нь хэлэхэд болзоондоо дандаа хоцроод байж бас болохгүй биз. Дандаа хоцорч ирээд байвал залуугийн тэвчээр нэг өдөр дуусаад хоцордоггүй хүнтэй болзохоор шийдэж бас магадгүй юм шүү. Тэгэхээр хэтрүүлэхгүй бас дутаалгүйгээр донжийг нь тааруулаарай бүсгүйчүүд минь.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих