beteg

Бэтэг өвчний хяналт, сэргийлэлтийн тогтолцоо, өвчлөлийг эрт илрүүлэлтийг хэлэлцэв

Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь Монгол улс дахь бэтэг өвчнийг хянах төлөвлөгөөний хүрээнд 2019 оны 11-р сарын 08-11–ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баацагаан, Бөмбөгөр, Галуут сумдын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ДЭМБ-ын санхүүжилтээр “Уйланхайт бэтэг өвчний тандалт судалгаа”-г ХӨСҮТ, Монголын Хэт Авиан Оношилгооны Нийгэмлэг, Баянхонгор аймгийн ЗӨСТ, аймгийн НЭ, сумдын ЭМТ-үүдийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа.

Эрт илрүүлгийн тандалт судалгаанд 3 сум болон аймгийн төвийн нийт 11 Ерөнхий боловсролын сургуулийн Баацагаан, Бөмбөгөр, Галуут сумын харъяат 6-18 насны 1977 сурагчдыг хамруулан хэвлийн хэт авиан оношилгоо хийж, асуумж судалгаа авч, эрт илрүүлгээр илэрсэн бэтгийн сэжигтэй тохиолдлуудыг дүрс оношилгоо, халдварт, мэс заслын зөвлөх эмч нарын үзлэгт хамруулан оношийг баталгаажуулж, эмчилгээнд оруулж, эрүүл мэндийн хяналтад хамрууллаа.

Мөн Баянхонгор аймгийн төвийн улс болон хувийн хэвшлийн эмнэлгийн халдварт, дүрс оношилгоо, мэс засал, дотор, хавдар, хүүхдийн өвчний асуудал хариуцсан эмч нар, тархвар судлаач, дүн бүртгэлийн 65 эмч, 19 сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулан 11-р сарын 13-ны өдөр зайн болон танхимын багц цагийн сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар уйланхайт бэтэг өвчний хэт авиан оношилгоог ДЭМБ-ын ангилалын дагуу оношлох, эмчлэх, мэдээлэх, эдгэрэлтийн хяналт тавих, урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх мал, амьтны эрүүл мэндийг хянах талаар мэдлэг олгосон.

Энэхүү үйл ажиллагаа нь бэтэг өвчний хяналт сэргийлэлтийн тогтолцоог бэхжүүлэх өвчлөлийг эрт илрүүлэх, бүрэн эмчлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд хүн эмнэлэг, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг харууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих