buh-niitiin-tsewerlegee-01

Бүх нийтийн цэвэрлэгээ хийгдлээ

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Жил бүрийн өдийд “Их хотын цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг хийдэг уламжилтай бөгөөд энэхүү арга хэмжээг жилдээ 5-6 удаа зохион байгуулдаг юм.

Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор олон нийтийг хамруулахгүй байх үүднээс энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд хийж байна. Зарим хувийн аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн байгууллагын гадна орчныг цэвэрлэж байгаа юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус бүхий л байгууллага, ААН болон иргэд их цэвэрлэгээг нэг цагт эхлээд 90 минутын турш үр дүнтэй, үр бүтээлтэй хийхийг уриалдаг. Энэ жилийн хувьд олон хүнийг төвлөрүүлэхгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагууд их цэвэрлэгээг хийж байна.Сүүлийн үед иргэдээс энэ их цэвэрлэгээний арга хэмжээг дэмжин сар бүр тогтмол хугацаанд хийж иргэдэд дадал зуршил бий болгооч гэсэн санал, хүсэлт их ирэх болсон. Өнгөрсөн жил “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг хийсэн нь маш их үр дүнд хүрсэн” хэмээлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 8646 км замд хоёр удаа халдваргүйжүүлэлт хийжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих