moson-kotok

Мөсөн хотхон нээлтээ хийлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй Мөсөн хотхоны нээлт боллоо. Нээлтийн үеэр 100 гаруй авъяаслаг залуус нэгдэж, “Цэвэр агаартай хот”-ын төлөө иргэн бүр нэгдэж, агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор флаш моб толилуулсан нь олны анхаарлыг татсан юм.

Мөн жанжин Сүхбаатарын талбайн мөсөн гулгуур нээлтээ хийж, тэшүүрийн тамирчид уран гулгалтын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлж, урлаг соёлын салбарынхан уран бүтээлээ хүргэлээ.

Өвлийн улиралд зориулсан “Цэвэр агаартай хот” аянд зориулан мөсөн хотхон байгуулж байгаа нь олон давуу талыг бий болгож байна. Тухайлбал, нийслэлийн иргэд өвлийн улиралд хотоосоо “дайжиж”, тодорхой зайд гарч цэвэр агаар амьсгалдаг байсан бол энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 доошгүй хувиар буурсан учраас нийслэлийнхээ төв талбайд гэр бүлээрээ мөсөн хотхонд чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх, өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, цаашлаад өвлийн аялал жуулчлалыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх боломж бий болж байгаа аж.

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа бөгөөд 12 дугаар сарын 31 хүртэл орой бүр 3D лазер шоуны үзүүлбэр толилуулагдах юм байна.

Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих