zolgolt

Энгэр зөрүүлсэн эр эм ЗОЛГОДОГГҮЙ

Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгний өглөө үүрийн харанхуйгаар туулай цагийн /05:40-07:40/ багцаанд босон өрхөө татаж, галаа ноцоон, нар  гэрийн унинд тусах цагаар айл хотлынхоо ахмад буурлын гэрт цуглан хөвгүүд нь цагаан хадаг барьж, охид бэргэд нь цай барьж өвгөд эмгэдийнхээ амрыг эрэн золгодог уламжлалтай.

Ингээд гэр доторх хүмүүсийн аль ивээл жилтэйгээс эхлэн золгодог ёстой. Золгохдоо, малгайгаа өмсөж, товчоо бүрэн товчилж, бүсээ чангалан “Та амар байна уу?” гэж гарынхаа алгыг дэлгэн тохойноос нь дэмнэж, золгоно. Энэ нь ахмад настнаа бие, хэл, сэтгэл бүхнээрээ өргөн хүндлэхийн бэлгэдэл болдог байна.Хэрэв хоёр ижил настан байвал эрэгтэйг нь хүндэтгэн түрүүлж золгодог байна.

Нас чацуу эр эм хоёр золгохдоо эмэгтэй нь эр хүнийг хүндэлж тохой доороос нь дэмнэж золгоно. Хоёул эрэгтэй бол хэн гэртээ байгаагаа юм уу, түрүүлж ирснээ хүндэтгэнэ.

Харин хоёулаа эмэгтэй байвал түрүүлж урагласнаа юм уу, үр хүүхэд төрүүлж эх болсныгоо хүндэтгэж золгоно. Нэгэн зэрэг төрсөн бол эрэгтэй хүүхэдтэйг хүндэлнэ, тэр тусмаа гурав буюу таван хүү дараалан төрүүлсэн эмэгтэйг “Дархан бэр” гэж бусад охид хүүхнүүд хүндлэх эрхэм ёс бий.

Мөн сар шинийн баяраар энгэр зөрүүлсэн эр эм буюу эхнэр нөхөр хоёр хоорондоо золгодоггүй учир бий.

Шинийн нэгний өглөө цайгаа чанасны дараа эхнэр нөхөр хоёр хуйхлан чанасан хонины битүү толгойг заадаг заншилтай байжээ. Заахдаа эрүүнээс нь эхнэр нь, толгойноос нь нөхөр нь татаж,

  • Бүх юм дэлгэрлээ
  • Битүү юм нээгдлээ
  • Буур жил гарлаа
  • Ботгон жил гарлаа гэж хэлээд хошуунд нь шар тос түрхэж, сүүл, шагайт, чөмөгтэй нь хамт бурхандаа тавьдаг байна.

Ийнхүү эрүү толгой заасан эхнэр нөхөр хоёр нэг амьтай нэгэн хүн гэж цагаан сараар хоорондоо золгодоггүй ёстой.

Үүнээс гадна хүний сүнс шинийн 28-нд бэлгийн эрхтэнд, шинийн 15, 30-нд хүний бүх биед явдаг тул эдгээр өдөрт энгэр зөрүүлэхийг цээрлэдэг.

Учир нь шинийн 15-ны тэргэл сарны түлхэх хүч нь дэлхийд нөлөөлж, бүслүүрээрээ цүлхийхэд далайн түлхэлт болдог. Энэ үед эмэгтэй хүний савруу түлхэлт ороход нэмэх цэнэгтэй галтай хоёр утас нийлсэн мэт болж, гал саа тусах аюултай. Ийм өвчтэй болсон хүний хэл ам нь татвалзан, гар хөл нь мурийж тахийсан байдаг.

Шинийн 30-нд сар битүүн болж харагдах нь сар дэлхийгээс холдсоны шинж бөгөөд сарны татах хүч нь дэлхийн түлхэх хүчнээс зугтаж далайн татралт болдог. Энэ үед эмэгтэй хүний сав агшиж, сарын хир нь шавхагдан гардаг. Энэ үед энгэр зөрүүлбэл усан саа тусдагийг манай өвөг дээдэс төрөлх ухааны шинжээгээр ажиглаж, ном сударт тэмдэглэж үлдээсэн байдаг.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих