ajliin-bairnii-daramt

Ажлын байрны дарамт гэж юу вэ?

Бид бүгд хоёр дахь гэр болсон ажлын байрандаа айдас, дарамтгүй байх эрхтэй билээ. Гэтэл өнгөрсөн хэдхэн сард болсон олон нийтийг цочроосон зарим эмгэнэлтэй тохиолдлууд ажлын байр, ажил үүрэгтэй холбоотойгоор гарсан. Энэ тохиолдолд бид суурь шалтгаан руу өнгийж ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн эрхийн өнцгөөс харах ёстой. Ажлын байр ээлтэй байхад хамгийн том аюул занал учруулдаг, тэвчишгүй нөхцөл байдлыг бий болгодог зүйл бол ажлын байрны дарамт юм.

Ажлын байрны дарамт нь хүний хувийн орон зайд бүдүүлгээр халдаж, ажлаа чөлөөтэй эрхлэхэд саад учруулдаг хүний эрхийн тэр дундаа хөдөлмөрлөх эрхийн зөрчил юм.

Бид энэ талаар мэдээлэл, ойлголттой байж, ажиллаж буй орчиндоо урьдчилан сэргийлж байх хэрэгтэй.

– Ялгаварлан гадуурхсан сэдэлтэй дарамт – Үзэл бодол, шашин, нас, хүйс, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, арьсны өнгө зэрэг тодорхой бүлэгт хамаарах ялгаатай шинжээр нь ялгаварлан гадуурхахыг хэлнэ. Тухайлбал, хүний шашны зан үйлийг үл хүндлэх, тоглоом шоглоом хийх, насаар нь залуу болохоор гэж байнга зарах (үндсэн ажил үүргээс нь гадуур ажил тохоох), удахгүй тэтгэвэрт гарах тул ажлаа өг, гар гэх мэтээр дарамтлах;

– Жендэрт суурилсан дарамт – ажлын ярилцлагад хүүхэд, гэр бүл төлөвлөлтийн талаар асуух (хүүхэдтэй юу, хэдэн хүүхэдтэй вэ, хэдэн настай хүүхэдтэй вэ гм), эмэгтэйчүүдэд ажил үүргийн хуваарьт ороогүй үйл ажиллагааны үйлчилгээ зохион байгуулалтын үүргүүд оноох эсвэл ажилтай холбоотой саналыг нь үл хайхрах, хамт олны ажлын бус үйл ажиллагааны зохион байгуулалт, цай кофе зөөлгөх, хурал үйл ажиллагааны үеэр байнга эрэгтэйчүүд давамгайлах гэх мэт;

~Ажлын байрны дарамт гэж юу вэ?~

– Эрх мэдлийн дарамт – хэт өндөр шаардлага тавих, ажилтны чадвар, чадавхиас хэтэрсэн үүрэг, даалгавар өгөх, ажилтны хувийн амьдралд нь оролцох, орой болтол суулгах, ажлын бус өдөр, цагаар дуудах гэх мэт;

– Бэлгийн дарамт- бэлгийн сэдэлтэй үг, үйл хөдлөлөөр дарамтлах;

– Улс төрийн үзэл бодлоор дарамтлах – намын харъяалал асуух, улс төрийн үзэл бодол асуух, жинхэнэ ажлаас зайлуулах, халах гэх мэт;

– Хувийн дарамт/дээрэлхэх, дэглэх – үг хэлээр доромжлох, дээрэлхэж харьцах, харьцахгүй үл тоож эв байдалд оруулдаг байх, гэр орны, хувийн ажилдаа хүчээр туслуулах гэх мэт;

– Кибер дарамт – дотоод сүлжээгээр эсвэл онлайн орчинд дарамтлах, ажлын холбогдолгүй элдэв зүйлс илгээх гэх мэт.

Ажлын байран дээр дээрх үйлдлүүд, шинж тэмдгүүд илэрвэл та эсвэл та хэн нэгнийг өртөж байгааг нь анзаарч гэрчилсэн бол тэр хүн өөрөө хичээгээд үүнийг зогсоож чадна, эсвэл аяндаа гайгүй болчихно, алга болчихно гэж бүү найдаарай.

Ажлын байрны дарамтаас ангид байхад бид тухайн үйлдэл (эс үйлдэл)-үүдийг тодорхойлж, мэдэж, улмаар урьдчилан сэргийлдэг дүрэм, журамтай байж, үйл хүлцдэг соёлтой орчинд ажиллаж, амьдрах юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
2 (1 vote)

Сэтгэгдэл бичих